FAO in Mongolia

Ойн нөхөрлөлийн төлөөллүүд Баян-Өлгий, Увс аймгуудад танилцах аялал хийлээ

03/04/2018

Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал,  ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл

 НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл”-д өнөөдрийн байдлаар зорилтот таван аймгийн 101 нөхөрлөл хамрагдаж байгаа билээ. Тус төсөл сонгож авсан зарим нөхөрлөлүүдэд биологийн олон янз байдлын хамгааллын үйл ажиллагаа, амьтны мониторинг ажиглалт судалгааг загвар байдлаар хэрэгжүүлж улмаар Ойн менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлын хамгааллын үйл ажиллагааг тусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн биологийн олон янз байдлын хамгаалал, оролцоот мониторинг, ангийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах аяллыг Баян-Өлгий болон Увс аймгуудад гуравдугаар сарын 17-26-ны хооронд зохион байгууллаа. Аяллын багт Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймгийн ойн нөхөрлөлийн гишүүдийн төлөөлөл багтжээ. 

Танилцах аяллын зорилго нь Баян-Өлгий аймгийн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцах, улсын хэмжээнд тэргүүн туршлага болсон “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, нөхөрлөлүүдийн биологийн олон янз байдлын хамгаалал, оролцоот мониторинг хийж байгаа ажлын дадлага туршлага, үр дүнтэй газар дээр нь танилцах байв. Мөн ойн төслийн зорилго, зорилтууд үр дүн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцох байлаа.

Хэнтий аймгийн ойн нөхөрлөлүүдийг хариуцсан Орон нутгийн зохицуулагч З.Ууганбаяр “Энэхүү аяллыг зохион байгуулснаар манай нөхөрлөлийн гишүүд биологийн олон янз байдлын хамгаалал, түүний ач холбогдол, амьтны мониторингийн талаар нэлээд сайн ойлголттой болсон. Мөн нөхөрлөлүүдийн туршлагад үндэслэн орон нутагтаа хийх ажлын төлөвлөгөө гаргахаар ярилаа. Нутагтаа хэрэгжүүлмээр олон туршлага судаллаа. Төслийн хүрээнд биологийн олон янз байдлын хамгааллын чиглэлээр ажиллах нөхөрлөлүүдийн баг бүрдсэн” хэмээн ярив.

Хэнтий аймгийн Батширээт сумын ойн нөхөрлөлийн гишүүн Э.Түвшинбаяр “Ойн нөөц баялгаа, амьтдаа хамгаалснаар ашиг хүртэх боломжтой байдгийг харлаа. Ер нь цаашид хариуцан хамгаалсан газартаа аялал жуулчлал эрхэлдэг нөхөрлөл байгуулах боломжтойг энэ аяллаар явахдаа ойлгож авлаа” гэв. “Тэнүүн” ойн нөхөрлөлийн гишүүн Д.Билгүүн “Эзэмшлийн ойдоо зэрлэг амьтдын мониторинг судалгааг тогтмол хуваарий дагуу, ямар аргачлалаар хийхийг сурсан. Нөхөрлөлийнхөө бүх гишүүнд сурсан мэдсэнээ танилцуулах, зарим туршлагыг ойрын хугацаанд нэвтрүүлэх бодолтой байна” хэмээн ярилаа.

Ойн төсөлд өнөөдрийн байдлаар зорилтот 101 нөхөрлөл Монгол орны таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээнд нийт ойн долоон хувийг хариуцан хамгаалж байна. Бүр тодорхой хэлбэл, Монгол орны хөхтний ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250-иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл энэ бүсэд багтаж байна. Цаашлаад загасны ангийн 40-өөд зүйл, шавжийн ангийн 34 багийн 2000 орчим зүйл, дээд буюу гууртс ургамлын ховордсон 100-гаад ургамлын зүйлийн 60 орчим нь энэхүү 101 нөхөрлөлийн хамгаалалтад байгаа юм. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлын хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэж байна.