FAO in Mongolia

5 - 19 насны хүүхэд бүрийн анхааралд! Уран төсөөллөө ашиглан зурагт хуудас бүтээцгээе.

05/09/2022

 

Хэнийг ч хоцроолгүй, хүн бүрд эрүүл хоол хүнс хангалттай байдаг дэлхийг дүрслэн үзүүлэхийг хүсч байна уу? Тэгвэл,

Дэлхийн Хүнсний Өдөрт зориулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг олон улсын зургийн уралдаанд оролцохыг урьж байна

Илүү сайн сайхан дэлхийг бүтээхийн төлөөх ажлууд хийгдсээр байгаа ч маш олон хүн  орхигдсоор байна. Өнөөдөр дэлхийн хүн бүрд хүрэлцээтэй хоол хүнс үйлдвэрлэж байгаа ч сая сая хүмүүс өлсгөлөн, шим тэжээлийн дутмагшилд нэрвэгдсээр байна. Маш их хэмжээний хүнс зах зээлд хүрэхээс өмнө муудан хаягдаж байна. Дэлхийн амьжиргааны түвшин доогуур нийт хүмүүсийн 75 хувь нь хөдөө аж ахуй, байгалийн баялгаас хараат амьдарч байна. Тэдгээр хүмүүст байгалийн гамшиг (ган зуд, үер, хар салхи, газар хөдлөлт, цар тахал гэх мэт.), дайн дажин, эдийн засгийн хямрал илүү хүчтэй нөлөөлдөг бөгөөд заримдаа дээрх зүйлс нэг дор тохиох нь ч бий.

Дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудад хамтын шийдэл хэрэгтэй!  Илүү сайхан ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж өөрийн санааг шингээсэн зурагт хуудсаа бүтээгээрэй.

Уралдаанд хэн оролцож болох вэ?

  • 5-19 насны бүх хүүхэд, залуус
  • 18-аас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрлөөр оролцоно
  • Уралдааны насны ангилал  5-8 нас; 9-12 нас; 13-15 нас болон 16-19 нас.

Хэрхэн оролцох вэ?

  • Уралдаанд оролцогч зөвхөн нэг бүтээл илгээнэ.
  • Харандаа, үзэг, бал, шохой, тосон будаг, тосон харандаа, усан будаг гэх зэрэг бүхий л хэрэгслээр зургаа зурж болох ба дижитал зургийг мөн зөвшөөрнө.
  • Зурсан зургийн эх хувийг сканердах эсвэл зургийг нь авч JPEG хэлбэрээр илгээнэ.
  • Оролцохоос өмнө Дэлхийн хүнсний өдрийн талаар уншиж илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болоорой.
  • Бүтээлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл http://www.fao.org/worldfoodday-contest  цахим хуудсаар дамжуулан НҮБ-ын ХХААБ-ын Төв оффис хүлээн авна.
  • Зөвхөн дээрхи цахим хуудсаар бүртгүүлж, илгээсэн бүтээлийг хүлээн авахыг анхаарна уу.