FAO in Mongolia

Тариалангийн салбарт цахим бүртгэл, хяналтын системүүдийн нэвтрүүлж эхэллээ

08/02/2021

Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) -ийн санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-гаас хэрэгжүүлж байгаа Монгол ногоо төслийн 4-р бүрэлдэхүүн хэсэг: Эрх зүйн орчин төслийн хүрээнд Ургамлын гарал үүслийн систем болон Пестицидийн бүртгэл хяналтын системүүдийг хөгжүүлэн ХХААХҮЯ-нд 2020 оны 8 сард хүлээлгэн өгсөн.

Энэ онд сургагч багш бэлтгэх, улмаар сургагч багшаар дамжуулан аймаг, нийслэлийн болон сумын төвшинд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад эдгээр системүүдийг зааж сургах 3 үе шаттай сургалтыг хийхээр төлөвлөсөн. Сургалтуудыг хийж дууссанаар системүүд бодитоор хэрэгжиж эхэлнэ.

Сургагч багш бэлтгэх сургалтыг ХХААХҮЯ, МХЕГ, Нийслэлийн ХХААГ, МХГ, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, салбарын холбоодын төлөөллийг оролцуулан 2021.01.3-4-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгууллаа. Сургалтыг нээж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Үр, хөрс, ургамал хамгааллын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ эдгээр системүүдийг нэвтрүүлэлтийн ач холбогдол, энэ нь өнөөгийн ЗГ-ын газрын Үйл ажиллагааны хөтөлбөртэй бүрэн нийцэж байгааг онцоллоо.

Ургамлын гарал үүслийн системийг тариалангийн салбарт нэвтрүүлснээр ХХААХҮ-ийн сайдын 2015 оны 105 дугаар тушаалаар батлагдсан “Ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийн журмын хэрэгжилт сайжирч,  хэрэглэгчдэд аюулгүй хүнс нийлүүлэх боломж нэмэгдэх юм. Улмаар тариалалт, ургацын баланс, ургац хураалтын мэдээг шууд гаргах боломжтой болж буй юм.

Харин Пестицидийн бүртгэл, хяналтын системийг хэрэгжүүлсээр манай улсын тариалангийн салбарт хэрэглэж байгаа химийн гаралтай пестицид, бордооны импорт, хэрэглээ, сав баглааг хянах боломж бүрдэх юм.