FAO in Mongolia

ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө

01/03/2021

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зөвлөлдөх уулзалт зохион байгуулж хэрэгжилтийн шатанд яваа болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төслүүд, бодлогын чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо. Уулзалтад Сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-иш, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ахужа Винод нар оролцлоо.

Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх урилгаар оролцож Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, хөдөө аж ахуйн мэдээллийг цахимжуулахад талаар санал солилцож хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.  

Мөн тус  уулзалтаар ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ ойрын болон дунд хугацаандаа эрчимтэй хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээр i) Цахим хөдөө аж ахуй ii) Уур амьсгалын санхүүжилт болон Байгалийн нөөцийн менежментийг хүнс, хөдөө аж ахуйн салбартай уялдуулах iii) Тогтвортой хүнсний системийг тодорхойллоо.

Уулзалтын үеэр З.Мэндсайхан Сайд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь маш ойр дотно ажилладаг бөгөөд 2017 оноос хойш нийт 25 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа нь бидний хамтын ажиллагаа нягт уялдаа холбоотой байдгийг харуулж байна. Манай яамны бодлогын гол түнш байгууллага юм.” хэмээн тодотгож байлаа.

Цаашид бүх талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэр дундаа хүнс хөдөө аж ахуйн салбартай салшгүй холбоотой байгаль орчны асуудал, тухайлбал уурын амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ус, бэлчээр зэрэг байгаль орчинтой холбоотой төслүүдийн хэрэгжилтэд салбарын оролцоог хангаж, хамтран ажиллах шаардлага байгааг онцолсон юм. Ингэснээр салбар хоорондын уялдаа нэмэгдэж, цаашид хэрэгжих олон олон төслүүдийн үр ашиг, хэрэгжилт сайжирна гэж дүгнэлээ. Үүнтэй холбоотой НҮБ-ын ХХААБ-аас танилцуулж, хэрэгжүүлэх 600,000 ам долларын санхүүжилт бүхий СКАЛА (Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний (NAP) зорилтыг Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр) төслийн баримт бичигт гарын үсэг зурж хэрэгжилтийг эхлүүлэхэд бэлэн боллоо.