FAO in Mongolia

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР 2019

16/10/2019

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж туйлдаж ядарсан хүн төрөлхтнийг өлсгөлөн гуйланчлалаас гаргахад олон улсын хамтын нөхөрлөлийн хүчийг нэгтгэх зорилгоор  байгуулагдсан юм.

НҮБ-ын ХХААБ-ын үйл ажиллагаа нь манай гарагийн хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцлийг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахад чиглэгддэг. Түүнчлэн, улс орнууд өөрийн орны хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох, хүнс үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, зохистой технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч буй улс орны хүн амыг шим тэжээлт хоол хүнсээр хангахад засгийн газруудтай хамтран ажилладаг.

ХХААБ-ын 1979 онд хуралдсан 20 дугаар ерөнхий хуралдаанаар 10 дугаар сарын 16 буюу тус байгууллага байгуулагдсан өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ)болгон тэмдэглэхээр шийдвэрлэж 1981 оноос хойш 39 дэх жилдээ тус байгууллагын гишүүн 150 орон жил бүр тухайн жилийн онцлог нэгдсэн нэг уриан дор тэмдэглэж байна.

2019 онд ДХӨ-ийг Бидний үйлдэл Бидний ирээдүй: Эрүүл хүнс – Зөв хооллолт. Өлсгөлөнгүй дэлхий уриан дор тэмдэглэж байна.   

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэлхий нийтээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 Зорилгын 2 дугаар Зорилгыг “Өлсгөлөнг зогсоох” гэж тодорхойлсон. Энэ нь зөвхөн өлсгөлөнгийн тухай асуудал биш, энэ нь байгаль дэлхийн нөөцийг зохистой хамгаалж ашиглан хүн төрөлхтнийг тэжээллэг чанартай хүнсээр хангалттай хэмжээгээр хангах тухай асуудал юм.

Энэ жилийн ДХӨ-ийн уриа нь эрүүл хүнсийг хүн бүрд хүртээмжтэй хүртээх, хүнс хоолоо өөрсдийн гараар хэрхэн тарьж ургуулж, боловсруулах, хүнсээ хэрхэн зөв сонгох, хооллох дадал зуршилдаа юуг  өөрчлөх шаардлагатай, үүний тулд бидний хийж чадах зүйлд хүн бүрийн анхаарлыг хандуулахад чиглэгдэж байхаар тодорхойлогдсон юм. Хэрэв энэ бүгдийг зөв хийж чадвал хөдөө аж ахуй, ой, загасны арвин нөөцийг зохистой ашиглаж эх дэлхийгээ хамгаалж, шим тэжээлээр баялаг, чанартай хүнсийг хүн бүр хангалттай хэмжээгээр хүртэх бүрэн боломжтой юм.

Гэхдээ, дэлхийн хэмжээнд 820 сая хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч, түүнээс олон хүн 2 тэрбум хүн шим тэжээлийн дутлын нэг хэлбэр болох таргалалттай болж, 2050 гэхэд шим тэжээлийн дутагдалтай хүмүүс 2 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байгаа өнөөгийн нөхцөлд “Өлсгөлөнг зогсоох” зорилгод хүрэхийн тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хөдөө аж ахуйд дорвитой хөрөнгө оруулалт хийж бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой байлгах нь маш чухал байна.

Монгол улсад нөхцөл байдал ямар байна вэ

-          Хүмүүсийн дунд хоол тэжээлтэй холбоотой тулгамдсан асуудлууд их байгаа нь 2016 онд хийсэн Хоол тэжээлийн Үндэсний 5-р судалгааны дүнгээс харагдаж байна.

-          Бичил тэжээлийн дутал бүх насныхны дунд, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. Аминдэм, эрдэс бодисын дутал нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай, тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А аминдэм, 90 хувь Д аминдэмийн дуталтай эсвэл нөөц багатай байна.

-          Бидэнд тулгарч буй хамгийн ноцтой асуудал бол хүүхдүүд илүүдэл жинтэй болоод зогсохгүй таргалалт руу шилжих явц түгээмэл болж буй байдал юм.

Олон нэр төрлийн тэжээллэг, чанартай хүнсээр хангалттай хооллож амьдралынхаа бүхий л үед хувь хүний хоол тэжээлийн байдалд байнга анхаарал хандуулж тогтмол дасгал хөдөлгөөн хийж байж таргалахаас сэргийлнэ. Иймд хүүхдийг багаас нь зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийлгэж сургах, ач холбогдлыг эхчүүд, асрамжлагчдад таниулан ойлгуулах шаардлагатай байна.

-          Түүнчлэн, Тогтвортой хөгжлийн “Өлсгөлөнг зогсоох”  талаарх 2-р Зорилгод хүрэх шалгуур үзүүлэлтүүд тухайлбал, Хоол тэжээлийн дутагдлын тархалт (2.1.1) болон Хүнсний баталгаат байдлын алдагдлыг тооцсон хэмжүүрт үндэслэн хүн амын дундах хүнсний баталгаат байдлын дунд болон хүнд хэлбэрийн тархалт (2.1.2)-ыг одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд тогтоогоогүй байгаа бөгөөд энэ талаар холбогдох байгууллагууд НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллаж байна.

-          Биологийн олон янз байдал /БОЯБ/ нь хүн төрөлхтний хүнс, тэжээлийн юугаар ч орлуулшгүй экологийн эх сурвалж байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд биологийн төрөл зүйлийн хомсдол байгалийн өөрийн хуулиас олон дахин их хурдтай явагдаж байна.

-          Малын тооны хэт өсөлт нь бэлчээрийн талхагдал, доройтлын үндсэн шалтгаан болж үүний  нөлөөгөөр баян бүрд, тал хээр, цөлийн бүсийн амьдрах орчин доройтож, судалгаагаар экологид онцгой үүрэгтэй ургамал цөөрч, зарим нь устах эрсдэлд ороод байна.

-          Сүүлийн 20-оод жилд гол, нуурын усны түвшин эрс багасаж, олон гол, нуур хатаж ширгэсэн нь загасны тархац, тоо толгойд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бидний өнөөдрийн үйлдэл бидний ирээдүйн Хүнсний баталгаат байдлыг хэрхэн хангахыг тодорхойлох тул ирээдүй та бидний гарт байна.

-          Хүн идэвхтэй, аливаа өвчинд өртөх эрсдэл багатай амьдрахад хэрэгтэй  хангалттай хэмжээний шим тэжээл бүхий олон нэр төрлийн,  аюулгүй хүнсийг  Эрүүл хоол хүнс гэнэ гэж НҮБ-ын ХХААБ аас тодорхойлж байна. Жимс, ногоо, төрөл бүрийн шош, самар, үр, бүхэл үр тариа, сахар, давс, тос өөх, ялангуяа ханасан тос багатай бүтээгдэхүүнүүд эрүүл хүнсэнд хамаарна. 

Монгол Хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад эрүүл хүнсээр хангах, зөв хооллох байдлыг дадуулахын ач холбогдлыг үнэлж Монгол улсын Засгийн Газраас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд  “Ээжийн сонголт-Эрүүл хүнс”, “Өглөөний цай” аянуудын нээлтийг ДХӨ-өөр хийж байна.

Энэ нь нийгмийн харилцааны хамгийн жижиг нэгж-гэр бүл, цаашлаад хувь хүн бүр өөрөөсөө энэ асуудлыг эхлүүлж байгаа сайн эхлэл төдийгүй, өлсгөлөнг зогсоох дэлхий нийтийн үйл хэрэгт оруулж буй том хувь нэмэр юм.

Хоол хүнсний хэрэглээнээс гадна манай улсад ургац хураалт, боловсруулалтын шатанд төдийлөн сайн механикжаагүй, ажилтан ажиллагсад нь энэ талын мэдээлэл дутмаг байгаагаас хураалт, хадгалалт болон боловсруулалтын шатанд маш их хорогдол үүсэж байгаа нь хүнсний нөөцийн хүртээмжтэй, тогтвортой хангамжид нөлөөлж байна.

            Дэлхийн Хүнсний өдөрт зориулсан арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байгууллагуудтай хамтран 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тэмдэглэх гэж байна.

Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүний  худалдаа зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийн талаар болон хүнсний аюулгүй байдал, шим тэжээллэг, чанартай хүнсийг хэрхэн сонгох, хэрэглэх талаарх мэдээллийг холбогдох  эрдэм шинжилгээ, судалгааны болон эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд залуучууд, олон нийтэд хүргэнэ.

--оОо--