FAO in Mongolia

“АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж байна.

08/11/2022

Өнөөдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИЙМ) төсөл болон  Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам хамтран “АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог төлөвлөх, удирдах үйл ажиллагааг нийгэм, экологийн зарчмуудтай уялдуулах замаар ургамал, амьтан, хүн, хүрээлэн буй орчны харилцан холбоог сайжруулахад агроэкологийн үндсэн зорилго оршино. Агроэкологи нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” болон “Хүнсний Хувьсал” үндэсний хөдөлгөөнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ашиглагдаж болох чухал арга хэрэгсэл юм.

Саяхан Итали Улсад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан Дэлхийн хүнсний форумд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нэн тэргүүний зорилт болохыг цохон тэмдэглэсэн байдаг.  

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь агроэкологи, тогтвортой хөгжлийн үндсэн арга зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн болон, нийгэм, эдийн засаг, газар тариалан,  мал аж ахуй, ой болон таримал судлалын салбар дахь ололт, амжилт, сайн туршлагуудын талаар харилцан туршлага  солилцох, тулгамдаж буй асуудлыг  шинжлэх ухааны үндэстэй шийдэх боломжийг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Тус хуралд Варшав болон Краковын хөдөө аж ахуйн их сургууль, Болгарын ХААИС-ын эрдэмтэн судлаачид, НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн төвийн олон улсын илтгэгчид оролцож бүс нутаг болон өөрийн орны агроэкологи судлалын асуудлаар харилцан санал солилцов.

СТРИЙМ төслийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.