FAO in Mongolia

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ (ХААЗД)-ЫН ДОТООД АУДИТ ХИЙХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

23/11/2022

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл, Бүрэлдэхүүн-4: Эрх зүйн орчин” төсөл нь ургамал, ургамлын гаралтай түүхий эд, түүний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг. 2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ХААЗД-ыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталсан ба өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй хүнсний сүлжээний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч ХААЗД-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ баталгаажуулсан байна.

ХААЗД-ын дотоод аудит хийх сургалтыг ХХААХҮЯ болон Хөвсгөл аймгийн ХААГ-тай хамтран 2022.11.21-22-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД)-ын шаардлагуудыг хэрэгжүүлэх, дотоод аудитыг хийж гүйцэтгэх талаарх мэдлэг, чадвар олгох зорилготой. Сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж байгаа ба ХААЗД-ыг нэвтрүүлсэн болон нэвтрүүлэхээр зорьж буй анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчид, Хөвсгөл аймгийн ХААГ, сумдын мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй оролцогчид хамрагдаж байна.