FAO in Mongolia

НҮБ-ын ХХААБ Монгол Улсад 2023-2027 онуудад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хамрах цар хүрээг хэлэлцүүлэх уулзалт зохион байгууллаа.

13/09/2022

НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын таван жилийн (2023-2027) хамтын ажиллагааны хүрээ, Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн Алсын Харааг суурь болгон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хамрах хүрээ, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Засгийн газар, Олон Улсын Байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод, хувийн салбарын төлөөллүүдэд танилцуулан санал бодлын тусгах уулзалт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогсод хамтын ажиллагааны цар хүрээ, хүлээгдэж байгаа үр дүнгүүд, үйл ажиллагааны чиглэлүүдийн Монгол улсын хөгжлийн бодлогын нэн тэргүүний зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа,  ямар чиглэлээр хувь нэмрээ  оруулах нь илүү үр өгөөжтэй  байх тухай хэлэлцэн санал бодлоо илэрхийллээ. Иргэн нэг бүр нэн ялангуяа эмзэг бүлгийн хүн амын хүртээмжтэй, тэжээллэг, эрүүл хүнс хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, мал, ургамал, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг нэгдмэл удирдлагаар хангах “Нэг Эрүүл Мэнд” зарчмыг хөдөө аж ахуйн салбарын бодлогууд, системүүдийг боловсронгуй болгохад хэрэглэх, илүү ногоон, нөөц ашиглалтын үр ашиг өндөртэй, хүлэмжийн хийн ул мөр багатай, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй, хүнсний системд шилжих, зах зээлийн боломжийг дижитал шийдэл, шинэлэг технологийг ашиглан өргөжүүлэх чиглэлээр оролцогсод үнэтэй санал хэлснийг хүлээн авлаа.

Мөн хөдөөгийн хүн ам, экосистем нэн ялангуяа хязгаарлагдмал нөөцөд түшиглэдэг малчин иргэдэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, гамшиг, онцгой байдалд хариу үйлдэл үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх эрх зүй, бодлого, стратегийн таатай орчинг бүрдүүлэх, бүтэц зохион байгуулалтын механизмуудыг бэхжүүлэх чиглэлээр олон сонирхолтой саналуудыг оролцогсод илэрхийллээ.