FAO in Mongolia

Ази, Номхон далайн орнуудын СКАЛА Хакатон тэмцээнд Монголын баг түрүүллээ

25/04/2023

 

2023 оны 4-р сар - Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин залуучуудын дунд Хакатон тэмцээн зохион байгуулагдах боллоо. Залуучуудын хамтрах орон зайг бий болгох замаар дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй байгаль орчны сорилт, бэрхшээлийг даван туулахад инновацилаг залуус, ентерпренеруудыг нэгтгэхэд уг арга хэмжээний үнэ цэнэ оршиж байна. Хакатоныг зохион байгуулсаараа оролцогчдод өөрсдийн дуу хоолой, шинэлэг санал санаачлага нь ирээдүйн тогтвортой нийгмийг бүтээхэд оролцох онцгой боломжийг олгодогоороо онцлог юм.

 

НҮБ-ын ХХААБ болон Хөгжлийн Хөтөлбөр хамтарсан СКАЛА төсөл нь байгаль орчны чиглэлээр эн тэргүүнд тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн тулд залуучуудыг татан оролцуулах замаар инноваци, туршилтын соёлыг төлөвшүүлэх зорилготой юм. Төслийн зүгээс 2023 оны 02-р сард Ази, Номхон далайн бүс нутаг Камбож, Монгол, Балба, Тайланд зэрэг СКАЛА төслийн түнш орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг арилгахад чиглэсэн шинэлэг санааг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор цахим хакатон зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь инноваци, бүтээлч байдлыг онцлохыг зорьсон бөгөөд оролцогч баг бүр өөрсдийн өвөрмөц шийдлүүдийг танилцуулсан юм.

 

ХАКАТОН АЯЛАЛ

 

СКАЛА Хакатонд арга хэмжээнд нийт 16 орны 76 баг оролцон өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. Оролцогч баг бүр өөр өөрийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах арга хэмжээ бүхий шинэлэг санаа, хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааг танилцуулснаараа онцлог байлаа. Нийт оролцогчдоос 11 орны шилдэг 16 багийг хамруулан тэдний чадавхыг бэхжүүлэх замаар өөрсдийн санаагаа хөгжүүлэн түрүүлэхэд түлхэц болохуйц ур чадварыг нэмэгдүүлэх нэг  өдрийн  “hackathon bootcamp” сургалтанд хамрагдуулсан юм.   

 

Энэхүү чадавхийг бэхжүүлэх сургалтын дизайныг Байгалийн нөөцийн ажилтан Бөү Даемен (НҮБ-ын ХХААБ), Мэдээллийн технологийн ажилтан Сержио Богаззи (НҮБ-ын ХХААБ), Дижитал хөдөө аж ахуй, инновацийн шинжээч Эрик ВанИнген (НҮБ-ын ХХААБ), Хурдасгагч лаб болон Шийдлийн зураглалын албаны дарга, Розита Сингх (НҮБ-ын ХХ), Олон улсын инновацийн зөвлөх, чиглүүлэгч Жой Круз (Хязгааргүй лаб), гарааны бизнесийг дэмжих шинжээч Ниша Освал (НҮБ-ын ХХ) болон бүс нутгийн харилцааны мэргэжилтэн Седрик Монтейро (НҮБ-ын ХХ) нар уг хөтөлбөрийг боловсруулж, удирдан зохион байгуулсан юм.

 

Сургалтын камп (bootcamp)-д дизайны аргачлал, асуудал шийдвэрлэх, өгүүлэл, санал бодлоо хэрхэн үр өгөөжтэй байдлаар илэрхийлэх талаарх ур чадварын хичээлүүд багтсан. Багуудад туршлагатай сургагч багш, илтгэгчдээс суралцаж, оролцогчдын хоорондын харилцаа холбоо тогтоох боломжыг олгон, тэмцээний үе шат бүрт дэвшүүлж буй санаагаа танилцуулах хүртэл хөгжүүлэлтийг хийж байснаараа онцлог байлаа.

 

СКАЛА хакатон тэмцээний өдөр найман баг өөрсдийн санаагаа эцсийн  байдлаар танилцуулсаныг  гурван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид шалгаруулсан. Танилцуулгын үеэр Тайландад зөгийн болон мөөгний аж ахуй нь агаарын тоосжилттой хэрхэн тэмцдэгээс эхлэн цагаан будааны аж ахуйд ус, бордооны хэрэглээг бууруулах талбарыг тодорхойлдог вэб-GIS хэрэгсэл хүртэлх олон төрлийн санаа, шийдлүүдтэй сонсож танилцав. Эхний шатны дараа шилдэг таван баг эцсийн шатанд шалгарлаа. Эцсийн шатанд шалгарсан бусад санаануудыг энэ мэдээний дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлав.

 

ХЭН ШИЛДЭГ ЯЛАГЧ БОЛ?…

 

Сүүлийн шатны шалгаруулалтын дараа шүүгчид финалд шалгарсан багуудын дундаас нэг ялагчийг тодруулсан нь Монголын Splicing баг байлаа.

 

Ялагчаар тодорсон багын дэвшүүлсэн санаа нь малчин өрхийн мал сүргийн бүтцэд дүн шинжилгээ хийх замаар зохистой бүтэц, цаашдын боломжит нөхөн үйлдвэрлэлийн хэмжээг харуулахуйц малчдад зориулсан гар утасны апп хөгжүүлэх байлаа. Монгол улсын хүлэмжийн хийн ялгаралтын гол үүсвэрүүдийн нэг мал аж ахуйн салбарын менежментийг сайжруулах замаар малаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах талаасаа уг санаа нь ач холбогдол өндөртэй юм. Учир нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар  бөгөөд 2020, 2021 онд ДНБ-ий 12.8 хувийг бүрдүүлсэн (Хөдөө аж ахуйн салбарын тайлан (ҮСХ), 2021).

Монгол улсын малын тоо толгой 2022 онд 71 сая толгой малтай болж түүхэн дэх дээд хэмжээнд хүрсэн (Үндэсний статистикийн хороо, 2022 он). Бэлчээрийн доройтолоос сэргийлэхэд даацад тохирсон тоо толгойг барихад чиглэн төрөөс “Малын тоо толгойн албан татварын тухай”  тухай хуулийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус бодлогын хүрээнд малчдын малын тоог зохистой түвшинд барих замаар сүргийн бүтэц, нөхөн үйлдвэрлэлийг сайжруулах нь цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бодлого юм. Харин Splicing багын санал болгож буй гар утасны аппликейшн нь дээрх бодлогын хэрэгжилтэд чухал байр суурь эзлэх малын тоо, толгойн өсөлтөд дүн шинжилгээ хийх, зохистой сүргийн бүтцийн хувилбарыг малчдад санал болгосноороо бэлчээрийг доройтуулалгүй тогтвортой урт хугацаанд ашиглах боломжыг олгож байгаа нь мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилт, малчдын зах зээлийн оролцоог сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

 

Splicing багийн санааны цаашдын гол хөгжүүлэлт нь Монгол Улс мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, хянахад тулгараад байгаа сорилтуудыг бодитоор шийдвэрлэх боломжийг давхар санал болгож байгаа нь онцлог төдийгүй энэ нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-д тусгагдсан байдаг. Энэхүү аппликейшнийг  хөгжүүлэн туршилтын журмаар хэрэгжүүлж, улмаар малчдын мэдээллийг Засгийн газраас ҮТХН-ийн хэрэгжилттэй холбоход тусална.

 

Splicing багын бүрэлдэхүүнд МААЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтанууд Н.Дашлхүндэв (багийн ахлагч)  Б.Оюунцацрал, Б. Нурмухаммет, Ж. Гантуяа болон  МААБС-ын багш Г.Ононтуул нар байна. Багын гишүүдийн хувьд бэлчээрийн хяналт үнэлгээ, зохистой ашиглалт, тэжээллэг, мал аж ахуйн чиглэлээр салбартаа багагүй хугацаанд ажилласан туршлагатай судлаачид бүрдсэн. Сүргийн зохистой бүтэц, нөхөн үйлдвэрлэлийн эргэлтийн прогнозыг тооцоолоход бэлчээрийн даацын үнэлгээ, төрөл бүрийн мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн онцлог зэрэг мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх чадвар чухал бөгөөд энэ чиглэлийн одоогийн ашиглагдаж буй програмыг зохион бүтээхэд оролцсон зарим судлаачид багын бүрэлдэхүүнд байгаа нь гар утасны апп хөгжүүлэхэд дөхөм болох талтай.

 

НҮБ-ЫН ХХААБ, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР МОНГОЛЫН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

 

СКАЛА хакатон тэмцээнд оролцсон Монголын багуудтай 2023 оны 2-р сарын 28-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ийн суурин төлөөлөгч болон Хөгжлийн Хөтөлбөрийн төлөөллүүд уулзалт хийж, хакатоны явц, дараагийн  алхмын  талаар чөлөөт байдлаар санал солилцон ярилцсан юм.

Багийнхны зүгээс SCALA хакатон нь тэдний санааг бодитоор хэрэгжүүлэх боломж, гаргалгааг харуулсан тустай арга хэмжээ болсон гэдэгт талархлаа  илэрхийлэв. СКАЛА хөтөлбөр тэдний санал болгож буй шийдлийг цаашид хөгжүүлэх 2.000 ам.долларын грант  шагналыг олгох юм. Splicing  баг гар утасны апп санаагаа хөгжүүлэх явцдаа нэмэлт санхүүжилтийг судлаж байна.

Түрүүлсэн багийн мэдээлснээр малчдын 96 хувь  гар утас ашигладаг (Үндэсний статистикийн хороо, 2022)  тул аппликейшнийг  алслагдсан бүс нутагт ч  малчид ашиглах боломжтой аж. Splicing  багын апп хөгжжүлэхэд салбарын яамны (ХХААХҮЯ) бодлогын дэмжлэгтэйгээр  малчдад танилцуулах боломжтой хэмээн найдаж байгаа юм. Тиймээс ХХААХҮЯ-тай судлаачдын багыг холбож, цаашид хамтран ажиллахад нь НҮБ-ын ХХААБ болон Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс анхаарал хандуулан ажиллахаар боллоо.

 

СКАЛА хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын ҮТХН-ийн газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх чиглэлд уур амьсгалын өөрчлөлтийн бодит арга хэмжээг  тодорхойлох ба  нүүрсхүчлийн хийн хөрсөн дэх шингээлтийг  хэмжих зөвлөмж боловсруулна. Түрүүлсэн багийн шийдэл  нь мал аж ахуйн салбараас гарч буй хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэхэд чиглэсэн апп хөгжүүлэлтийн санаа нь биелэлээ олвол дээрх зөвлөмжийг боловсруулахад  чухал дэмжлэг болно.

 

БУСАД ШИНЭЛЭГ ШИЛДЭГ САНААНУУД

 

Хакатон тэмцээний үеэр шүүгчид Камбож, Индонез, Монгол, Балбын бусад шигшээд шалгарсан дөрвөн багуудад маш их боломж байгааг олж харсан. Камбожийн Каксесор баг хакатон тэмцээнд оролцсон хамгийн залуу баг байсан бөгөөд каучук модноос резин цуглуулдаг савыг  аадар борооноос хамгаалахын  нейлоноор бүрхэх ба цаг агаарын мэдээг цуглуулах бололцоотой борооны дусал мэдрэгчийн системийг санал болгов.

 

Индонезийн Team Meaning Maker баг  уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү сайн зохицуулах стратеги боловсруулах аналитик платформыг санал болгосон. Харин Монголд өтөг бууцны целлюлоз ашиглан байгальд ээлтэй аргаар цаас үйлдвэрлэн дотоодын 62.5 сая ам.долларын цаасны зах зээл  гаргах саналыг “Team Speck Materials” гаргасан.

 

Балбын  баг төмсний аж ахуйд анхаарлаа хандуулж, хүнсний алдагдал, хүлэмжийн хийн ялгарлын асуудлыг багасгахын тулд хиймэл оюун ухаан, интернет, мэдээллийн дүрслэлийг ашиглах шийдэл гаргасан.

НҮБ-ын ХХААБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн СКАЛА хөтөлбөрбусад бүс нутагт залуустай уур амьсгалын өөрчлөлтийн шинэлэг шийдлүүдийг бий болгох, солилцох ирээдүйн санааг хэлэлцэхээс гадна, орон нутгийн иргэд хоршоодыг дэмжин ажиллаж байна.