FAO in Mongolia

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ЗҮЙЧ, ТОГООЧДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

16/01/2024

СЭДЭВ: МАЛЫН ДОТОР МАХ, ДАЙВАР ТҮҮХИЙ ЭД АШИГЛАН

ХҮҮХДИЙН ХООЛНЫ ШИНЭЛЭГ ЖОР, ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛАХ

 

 

Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дор малын дотор махны хүнс тэжээлийн болон биологийн үнэт чанарыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа болно. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан хоолны цэс, технологийг малын дотор махан ашиглан боловсруулж хоол хүнс бэлтгэх  уралдааныг мэргэжлийн хоол зүйч, тогооч нарын дунд зарлаж байна.

 

            Нэг. Уралдааны зорилго

 

Хүүхдийн дундах бичил шим тэжээлийн бодисын дутлыг бууруулах, хоолны шим тэжээллэгийг дээшлүүлэхэд  малын дотор мах ашиглан хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон  хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС), цэцэрлэгийн хоол зүйч, тогооч болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад оршино.

 

            Хоёр. Хамрах хүрээ

 

Улаанбаатар хот дахь төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, тогооч нар.

 

Гурав. Уралдааны зохион байгуулалт

 

НҮБ-ын ХХААБ, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар болон ШУТИС-ын Үйлдвэрлэл Технологийн Сургууль хамтран зохион байгуулж буй энэхүү уралдааныг 2 үе шаттай  явуулна.

I шат:

Уралдаанд ирүүлэх материал нь сургуулийн хоол зүйч, тогооч нарын хамтын бүтээл байх бөгөөд нэг баг 3 хүртэлх нэр төрлийн хоолны цэс, технологи-бүтээлээр оролцоно.

Дараах ерөнхий шаардлагыг хангасан материалыг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг хүртэл онлайн байдлаар хүлээн авна. Үүнд:  

  • Малын дотор мах, дайвар бүтээгдэхүүн ашиглан цэцэрлэг, сургуулийн хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээнд нийцсэн хоолны технологийн жор, түүхий эдийн үнийн тооцоо, шим тэжээлийн тооцоо, хоолны талаар тайлбар бичгээр мөн видео бичлэгээр (гар утсаар хийж болно) хийгдсэн байна.
  • Оролцогчийн нэр, ажлын хаяг, холбоо барих утасны дугаар тодорхой байна.
  • Материал хүлээн авах холбоос - https://forms.gle/HQ7VXJawGcWsUBTg7

                                                                                 

 

II шат:

Нэгдүгээр шатанд ирүүлсэн бүтээлийг шалгуур үзүүлэлтээр шүүсэн шүүгчдийн үнэлгээгээр 25 оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан оролцогчдын дунд уралдааныг Улаанбаатар хотод 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ШУТИС-ийн төв байранд зохион байгуулна. Шалгарсан шинэлэг бүтээлийн жор, технологийг эмхэтгэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсэнд багтаах зөвлөмж болох гарын авлага бэлтгэж түгээнэ. 

 

Дөрөв. Шалгуур үзүүлэлт

  • Хоолны үндсэн орц нь малын дотор мах, дайвар түүхий эд байна.
  • Ногоо болон бусад бүтээгдэхүүнээр баяжуулсан байна.
  • Шинэлэг санаа (хоолны орц, технологийн боловсруулалт, шим тэжээлийн агууламж) агуулсан байна.
  • Амт, өнгө, бие бүтцийн хувьд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоол, шим тэжээлийн хэрэгцээнд нийцсэн байна.
  • Тухайн хоолны технологийн картыг боловсруулсан, шим тэжээлийн тооцоог хийсэн бөгөөд нэг порцоор өртгийг тооцсон байна.
  • Уралдаанд оролцогч сургууль, цэцэрлэгт ажилладаг байна.

 

 

Тав. Шагнал

  • Уралдааныг мэргэжлийн комисс шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлэх ба шүүгчдийн нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
    • 1-р байр 1, “Батламж”, 1.5 сая төгрөг
    • 2-р байр 1, “Батламж”, 1.2 сая төгрөг
    • 3-р байр 1, “Батламж”, 900 мянган төгрөг
    • Тусгай байр 1, “Батламж”, 600 мянган төгрөг

 

 

                                                                                  2024.01.08 

                                                                              Улаанбаатар хот