FAO in Mongolia

“Хөдөө аж ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах” /СТРИЙМ/ төсөл Монгол Улс дахь Газар зүйн заалтад хамаарч болох бараа, бүтээгдэхүүнийг тодорхойлох, бүртгүүлэх, цаашлаад эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилла

23/08/2022

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол дахь газар зүйн заалтад хамрагдах бараа, бүтээгдэхүүнийг тодорхойлох, бүртгүүлэх, цаашлаад эрхийг хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулахаар зорин ажиллаж байна. Монгол Улсад газарзүйн заалт бүхий бараа  бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн болон үндэсний түвшинд эдийн засгийн өсөлтийн шинэ боломжоор хангах боломжтой.

Газар зүйн заалт гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлдэг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар газарзүйн заалт бүхий бараа,  бүтээгдэхүүнийг тодорхойлох, бүртгүүлэх, хамгаалахад улс орнууд улам ихэд анхаарч байна. Тэр тусмаа Азийн орнуудын хувьд газарзүйн заалт бүхий бараа,  бүтээгдэхүүний тоо 3700 давсан байна. Тухайлбал Хятад улсад 2000 орчим, Энэтхэгт 360 орчим бүтээгдэхүүн газар зүйн заалтад бүртгүүлсэн байна.

Дэлхий дахинд танигдсан зарим нэг газарзүйн заалт бүхий бүтээгдэхүүний жишээнд  шампанск, коньяк (Франц), Фета бяслаг (Грек), Даржилинг цай, Пашмина Кашмир (Энэтхэг),  Кобе үхрийн мах (Япон) зэргийг дурдаж болно. . Mонгол Улсаас анх удаа Увсын чацаргана  Европын Холбоонд газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүнээр 2022 оны 1-р сард албан ёсоор бүртгүүлсэн байна.  

СТРИЙМ төслийн хувьд Монгол Улсын газарзүйн заалтыг хөгжүүлэх зураглалыг боловсруулахад үндэсний болон орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Үүнд, газарзүйн заалт бүхий бүтээгдэхүүний олон улсад хүчинтэй бүртгэлийг бэлтгэх, үүнтэй холбоотой байгууллагууд болон оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

СТРИЙМ төсөл нь “Монгол улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготой юм. “СТРИЙМ” төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.