FAO in Mongolia

“Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ

31/08/2023

 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийн нээлтийн арга хэмжээ 8-р сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа.

Төсөл нь Дархан, Сэлэнгэ, Ховд болон Төв аймгуудад суурь судалгаа явуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сонгогдсон аймагт 2023 оноос 2026 он буюу 3 жилийн хугацаатай хэрэгжих юм. Төслийн зорилго нь Монгол улсын хэмжээнд төмснөөс бусад төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор хангахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулан, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн суурь судалгааны тусламжтайгаар Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад хамгийн ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж үйл ажиллагаандаа тусгах юм.

Төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуйг бий болгох бөгөөд уг аж ахуйд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлнэ. Түүнчлэн уг загвар аж ахуйд хураалтын дараах боловсруулалт хийх агуулах байгуулан хүнсний ногоо ба хүнсний ногоон бүтээгдэхүүнийг ангилах, ялгах, боловсруулах, савлах, түгээх үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн технологиудыг сонгон, туршиж үр дүнг танилцуулна.

Мөн тогтвортой хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэхэд зориулан хөрс хамгаалал, хөрсний үржил шим, тарималд шаардлагатай шим тэжээлийн бодисын менежмент (тухайлбал био, органик, эрдэс бордоо ашиглалт),  усалгааны менежмент, ургамал хамгааллын цогц менежмент, цогц органик үйлдвэрлэл, үр үйлдвэрлэл, ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаа гэх мэт өндөр бүтээмжтэй, хүнсний ногоо үйлдвэрлэлийн тогтвортой дадлуудыг цогцоор нь хөгжүүлэхэд техникийн тусламж үзүүлнэ.

Төсөл хэрэгжсэнээр дараах гол үр дүнгүүдийг бий болгохоор зорьж байна.

  • Хүнсний ногооны үйлдвэрлэл болон импортын хүнсний ногоог дотоодод үйлдвэрлэж, боловсруулсан хүнсний ногоогоор орлуулах ажилд тогтвортой хувь нэмэр оруулах;
  • Үйлдвэрлэлийн болон хураалтын дараах зохистой дадлуудыг нэвтрүүлснээр, хүнсний ногооны чанарыг сайжруулах, өртгийн сүлжээний менежментийг бэхжүүлснээр үйлдвэрлэгчид, ногоочдын зах зээлийн гарцыг тэлэх;
  • Хүн амын хүнсний ногооны жилийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор хүнсний ногоо боловсруулах, хадгалах болон хураалтын дараах бусад үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэх;
  • Хүнсний ногооны хэрэглээний ач тусын талаарх хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах.