FAO in Mongolia

Ус бол амьдралын эх ундарга, хоол хүнсний үндэс - Эсээ бичлэгийн уралдаан

12/09/2023

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр”  болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг. Энэ жил Монгол Улс НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагат элсэн орсны 50 жилийн ойн баяр тохиож буй онцлогтой юм.

Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдаан юм.

Зургаа дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь илүү сайхан, тогтвортой ирээдүйн төлөө хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм. 

СЭДЭВ, АГУУЛГА

Эсээ бичлэгийн үндсэн  сэдэв: Ус бол амьдралын эх ундарга, хоол хүнсний үндэс

Хүний биеийн 50 гаруй хувь, дэлхийн гадаргуугийн 71 орчим хувийг ус эзэлдэг. Ус бол бидний амин шаардлага. Гэвч дэлхийн усны нөөцийн ердөө 2.5% нь цэвэр усанд тооцогдож, ундны хэрэгцээ, үйлдвэрлэл, газар тариалангийн хэрэгцээнд тохирдог. Ус бол хүмүүс, эдийн засаг, байгаль орчныг хөдөлгөгч хүч бөгөөд бидний хоол хүнсний үндэс юм. Дэлхийн цэвэр усны нөөцийн 72 хувийг хөдөө аж ахуй салбарт хэрэглэдэг, бусад бүх байгалийн нөөцийн нэгэн адил цэвэр ус хязгаарлагдмал юм.

Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь манай гарагийн усны нөөцийг улам бүр дарамтад оруулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд нэг хүнд ногдох цэвэр усны нөөц 20%-р буурч, олон жилийн буруу ашиглалт, менежмент, гүний усны олборлолт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан усны хүртээмж, чанар маш хурдан муудаж байна.

Өнөөдөр 2.4 тэрбум хүн усны хомсдолтой орнуудад амьдарч, олонх нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд ихэд тэмцэж байна.

Усны хүнсний системээс амьжиргаа залгадаг 600 сая орчим хүн бохирдол, экосистемийн доройтол, тогтворгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээхэн автаж байна.

Дэлхий нийтийг хамарсан хямрал нүүр тулж буй энэ үед шийдэл урьд урьдынхаас илүү чухал байна. Урт хугацааны хөгжилд чиглэсэн, усаа тэгш хуваарилж, усны хүнсний системээ хадгалж, хэнийг ч орхигдуулахгүй байхын зэрэгцээ бага усаар илүү их хүнс болон хөдөө аж ахуйн бусад хэрэгцээг үйлдвэрлэх шаардлагатай байна.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.

Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.

Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Эсээ нь сэдэв, агуулгад нийцсэн байх

Асуудал хөндсөн байх

Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх

Үгийн тоо 500-aac хэтрэхгүй байх

Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх

Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Дараах шалгуураар дүгнэж нийт оноогоор байр эзлүүлнэ. Үүнд:

Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);

Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);

Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);

Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).

Эсээг 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://forms.gle/CjWnfoWXprt7gkTK6 холбоосоор хүлээн авна.