FAO in Mongolia

Я.Нарангэрэл: Монгол Улс олон улсын “зөөлөн хууль”-ийг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа

19/04/2018

“Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт үндэсний дөрөв дэх удаагийн семинар өчигдөр болов. Энэхүү үндэсний семинарыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ, “Хүн төвтэй байгаль хамгаалал” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм. Үндэсний семинарт холбогдох яам, агентлаг болон төрийн бус байгууллага зэрэг нийт 50 гаруй байгууллагын төлөөлөл, мөн орон нутгийн 25 төлөөлөл хамрагджээ.

Семинарын хүрээнд хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийн талаар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олон улсад уг зөвлөмжийг түгээн дэлгэрүүлэх талаар хэрэгжүүлж буй ажлыг танилцуулсан. Мөн уг сайн дурын зөвлөмжийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцаж, бодлого боловсруулагчдад хандан зөвлөмж гаргасан юм.

Семинарын үеэр “Хүн төвтэй байгаль хамгаалал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Я.Нарангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг Монгол Улс хүлээн авч хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ зөвлөмжийн гол агуулга юу вэ?

-Хариуцлагатай  засаглалын сайн дурын зөвлөмж анх 2012 оны тавдугаар сарын 12-нд Олон улсын Хүнсний аюулгүй байдлын хороогоор хэлэлцэгдэн баталгаажсан. Энэ зөвлөмжийг батлахад 170 орны мянга гаруй судлаач, газар ашиглагчид,төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Монголоос төлөөлөгчид оролцож санал бодлоо тусгасан. Ингээд бид уг сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар 2014 оны 10 дугаар сард анх үндэсний семинар хийж байсан. Бүх яам, агентлагуудыг хамруулсан уг семинараас үүнийг маш хэрэгтэй зөвлөмж гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Зөвлөмжийн агуулга нь газар, загас, ой гээд хүнсний аюулгүй байдлын эх сурвалж болсон амин чухал хэрэгцээтэй нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг сайжрулахад төр юу хийх вэ, байгалийн нөөцүүдийг хэрхэн хамгаалах вэ, газар, загас, ойн эдэлбэр ашиглагчдын эрх ашгийг яаж хамгаалах гэсэн санаанууд юм.

Зөвлөмж таван үндсэн зарчим, арван хэрэгжилтийн зарчимтай. Тэдгээр нь хүний эрхийг хамгаалах, иргэдийн оролцоог хангах, жендэрийн тэнцвэрийг барих, тухайн газар нутагт бэлчээр ашиглагч иргэд, малчдын уугуул эрхийг хамгаалах асуудлууд байдаг. Уламжлалт эрх бол албан бус эрх. Манайд албан бус эрх хуульчлагдаагүй боловч энэ эрхийг хэрхэн хамгаалах талаар төрийн байгууллагад өгсөн зөвлөмж байгаа. Үүнийг ашиглаж бид одоо мөрдөж байгаа хуулиуддаа нэмэлт, өөрчлөлт оруулж, батлах гэж буй хуулийн төслүүддээ дээрх асуудлыг харгалзаж үзэх хэрэгтэй.

-Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмжид ямар заалт туссан бэ?

-Хүний хэрэглэж буй бүхий л хүнс газар дээр л ургадаг. Загас, ой бүгд хүнсний эх үүсвэр. Хүнсээр хангагдахын тулд газраа хамгаалах хэрэгтэй. Газар ашиглагчдын эрх ашгийг хамгаалах, тэнд хэдэн зуун жил үе дамжин амьдарсан иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэж үздэг. Манай улсад уул уурхайн салбарт ийм асуудал гардаг. Уул уурхайн компани ирээд олборлолт хийгээд эхэлдэг. Тэнд амьдарч байсан орон нутгийн иргэд, малчид газаргүй үлддэг тохиолдол олон байна.

-Байгалийн дулаарал, хүний үйл ажиллагаа зэргээс болж ойн нөөц багасч байгаа. Үүнийг өөрчлөх боломж, шийдлийг зөвлөмжид тусгасан уу?

-Ойн нөөц, ойн засаглал хэр байгаа болон ойгоо алдсан иргэдэд нөхөн төлбөр олгож байгаа эсэхэд бид олон улсын аргачлал ашиглан үнэлгээ хийсэн. Хүнсний аюулгүй байдлыг хангах эх үүсвэр болсон ойгоо алдсан иргэдэд нөхөн олговор олгох талаар манайх маш хангалтгүй байна. Орон нутгийн иргэд ойгоо алдаад эргэж нөхөн төлбөр авалгүй хохирч үлдэж байна. Загас хамгаалах асуудлыг энэ жилээс ярьж эхэлж байна. Хэнтий, Хөвсгөл аймгуудын загах, ус хамгаалах нөхөрлөлүүд энэ зөвлөмжийг маш чухал, хэрэгтэй гэдгийг ярьж байна. Том компани, аж ахуйн нэгжүүд орон нутгийн гол, нуураас загасыг нь барьж ашигладаг. Тухайлбал Өгий нуурт ийм байгаа. Гэтэл үүнээс болж нутгийн иргэд уугуул, жам ёсны эрхээ эдэлж чадахгүй болоод байна.

-Олон улсын энэ зөвлөмжийг УИХ, Засгийн газар хүлээн авч үйл ажиллагаандаа тусгах талаар хэр анхаарч байна вэ?

-Сайн дурын зөвлөмжийг зөөлөн хууль гэж нэрлэдэг. Үүнд авах гээхийн ухаанаар ханддаг. Зөвлөмжийг заавал хуульчилна гэсэн үг биш. Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг 20 гаруй улс орон хэрэгжүүлж байгаа. Манай улс хамгийн сайн хэрэгжүүлж байгаа гурван орны нэгд багтдаг. Сьерра Лионд л гэхэд газрын тухай хуулиа шинэчлэхдээ энэ зөвлөмжийн ихэнхийг тусгасан байдаг юм билээ.  

-Зөвлөмжийг хууль, журамдаа хамгийн сайн тусгадаг гэсэн үг үү?

-Тийм. Хамгийн сүүлд л гэхэд Бэлчээрийн тухай хуулийн төсөлд энэ зөвлөмжийн зарчмууд хэр туссан бэ гэдэг үнэлгээ хийж үзсэн. Зарим зарчмыг нь тусгасан, заримыг нь тусгаагүй байна лээ. Тиймээс өнөөдрийн семинарт оролцогчдоос бодлого боловсруулагчдад хандан зөвлөмж гаргана.

 

Эх сурвалж  http://eagle.mn