FAO in Mongolia

Mалчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг НҮБ-ын ХХААБ хийлээ

15/06/2023

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцууллаа.

Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрдсэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна. Нийт өрхийн 57% нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10% нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20% нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх их бага гэсэн үр дүн гарчээ.

Уг судалгааны зорилго нь Монгол Улсын малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хэрэгцээг ойлгож мэдэх, түүнд тулгуурласан дэмжлэгийг тодруулах юм. Судалгааны үр дүнг зудын эрт арга хэмжээний зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, цаашлаад эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг дүгнэхэд ашиглах боломж бүрдэж байна.

Энэхүү судалгааг НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлалыг анх удаа ашиглан гүйцэтгэсэн. Энэ аргачлал нь цочрол, стрессийг зарим өрхүүд яагаад, хэрхэн бусдаас илүү сайн давантуулж байгааг шинжилж, тайлбарладагаараа онцлог юм.

НҮБ-ын ХХААБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг малчдын амьжиргаа, эрсдэл даах чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, хүчин чармайлтаа улам ахиулах болно.