FAO in Mongolia

“БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ”-ИЙГ МОНГОЛ УЛС ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

08/12/2023

Жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” аяныг зохион байгуулдаг.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэхүү дэлхийн долоо хоногийг тохиолдуулан мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, малын эмч, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид, оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулж, малын эмийн зөв хэрэглээний талаар хүүхэд залуучууд, малчдад зориулан “Ухаалаг ямаа” комик номыг хэвлэн түгээлээ. 

Аяны хүрээнд бичил биетний тэсвэржилтийн талаар олон нийтэд ойлголт өгөх, бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн зөв хэрэглээг хэвшүүлэх талаар мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж нийт 20 гаруй сэтгүүлчид оролцжээ. Мөн эрдэмтэн судлаачид энэ асуудалд анхаарлаа хандуулан “Мал эмнэлгийн үйлчилгээ, шинжлэх ухааны ололт, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол, практикийн хуралд бичил биетний тэсвэржилтийн талаарх илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.  

Бичил биетний тэсвэржилттэй тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг малын эмч нарын мэдлэг, хандлагыг сайжруулах, орон нутагт ажиллаж байгаа малын эмч нарт бичил биетний тэсвэржилт, эмийн зөв хэрэглээний талаар мэдлэг олгох, туршлага солилцох цахим уулзалт, хэлэлцүүлгийг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран орон нутгийн 130 гаруй малын эмч нарын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Бичил биетний тэсвэржилт, Бичил биетний эсрэг эмийн хариуцлагатай хэрэглээ, Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө 2022-2025-ны явц, хэрэгжилт, малын эмийн хэрэглээний асуудлыг хөндөж, малын эмч нарын бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх талаар санал солилцов.

 Энэ өдрүүдэд Мал эмнэлгийн сургуулийн оюутнуудын дунд “Бичил биетний тэсвэржилт, бичил биетний эсрэг эмийн болгоомжтой хэрэглээ талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг зохион байгуулж нийт 250 орчим оюутан залуус оролцов. Оюутнууд баг болон таван минутын дүрийн тоглолтоор дамжуулан хүн, мал, амьтан болон байгаль орчинд бичил биетний тэсвэржилт хэрхэн үүсдэг, түүнээс сэргийлэх арга зам, эмийн хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэгээ бататгасан байна.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Нэг Эрүүл Мэнд-Бичил биетний тэсвэржилт” сургалт арга хэмжээнд 120 гаруй сурагч оролцож шинжлэх ухаан, хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, Нэг Эрүүл Мэнд гэсэн дөрвөн өртөөгөөр аялж Нэг Эрүүл Мэндийн ойлголт, Бичил биетний тэсвэржилтийн гарал үүсэл, түүнтэй хэрхэн тэмцэх сэргийлэх талаар мэдлэгтэй боллоо. Өртөөнүүдэд биологи, хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, эм бэлдмэл ялангуяа антибиотикийн болгоомжтой, зөв хэрэглээ нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болсон талаар зурагт самбар ашиглан, энгийн хэлбэрээр, оролцооны арга ашиглан сурагчдад мэдээлэл өгсөн байна. Арга хэмжээнд хүүхэд залууст нөлөөлөгч олны танил хүмүүс сурагчидтай багаар ажиллан, цахим сүлжээгээр мэдээллийг түгээжээ.

Энэ нь “Нэг Эрүүл Мэнд” ойлголтыг дэлгэрүүлэх, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг олон нийтэд ойлгуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног”-ийг арга хэмжээнүүдийг НҮБ-ын ХХААБ хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх  төсөл”, “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (АСТ) төсөл, “Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт” MPTF төслүүд зохион байгууллаа.