FAO in Mongolia

Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё - Эссе бичлэгийн уралдаан

05/09/2022

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр”  болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг.

Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эссе бичлэгийн уралдаан юм.

Тав дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь илүү сайхан, тогтвортой ирээдүйн төлөө хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм.  

 

СЭДЭВ, АГУУЛГА

Эссе бичлэгийн үндсэн  сэдэв: Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё

Хэдийгээр бид тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч дэндүү олон хүн бидний ард хоцорч байна. Тэд хөгжил, инновац, эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй байна.

Дэлхий даяар сая сая хүмүүс эрүүл хоол, хүнсний өртгийг төлж дийлэхгүйн улмаас тэдний хүнсний баталгаат байдал өндөр эрсдэлд байна. Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг арилгах нь зөвхөн хангамж нийлүүлэлтийн асуудал биш юм. Өнөөдөр дэлхий дээрх бүх хүнийг хооллох  хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа хэдий ч КОВИД-19 цар тахал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, үнийн өсөлт, олон улсын хурцадмал байдал зэрэг олон сорилтууд тэжээллэг хүнсний хүртээмжийг хязгаарлаж байна. Даяарчилсан дэлхийд хүмүүс хилээр хязгаарлагдахгүй асуудлуудын дамнасан үр дагаврыг мэдэрч байна.

Ядууралд өртөж, хүнсний баталгаат байдал алдагдсан нийт хүмүүсийн 75 хувь нь хөдөө аж ахуй, байгалийн баялгийн салбараас амьжиргааны эх үүсвэрээ залгаж байна. Тэд байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшигт хамгийн их өртдөг төдийгүй жендер, нийгмийн гарал үүслийнхээ улмаас ялгаварлагдан хүнд байдалд орсон байдаг. Тэд сургалтад хамрагдаж санхүү, инновац, технологийн ололт амжилтаас тэгш хүртэж чаддаггүй.

Бид бүгд хоорондоо холбоотой. Бидний амьдарч буй даяаршлын энэ үед улс орны эдийн засаг, соёл, хүн ам амьдралын хэв маяг улам бүр харилцан хамааралтай болж байна. Бидний зарим нь хэн болох, хаана амьдарч байгаагаас шалтгаалан хүнд нөхцөл байдалд орсон байдаг ч бодит байдал дээр бид бүгд эмзэг байдалд байна. Хэн нэгнийг ардаа орхиход бидний хэлхээ холбоо тасарч, зөвхөн тухайн хүний төдийгүй бидний амьдралд нөлөөлдөг. Жишээлбэл, Украин улс бол газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогчдын нэг. Тэнд дайн өрнөснөөр нутгийн иргэдийн амьдрал хүндэрч, нүүн шилжихэд хүрсэн бөгөөд дэлхийн хүнсний баталгаат байдалд нөлөөлж байгаа нь хэдийн мэдрэгдэж байна. Улаан буудай, эрдэнэ шиш, арвай, бордооны үнэ огцом өссөн нь эмзэг байдалд байсан улс орнуудыг хямралд түлхэн оруулж байна.

Дэлхий нийтийг хамарсан хямрал нүүр тулж буй энэ үед шийдэл урьд урьдынхаас илүү чухал байна. Урт хугацааны хөгжилд чиглэсэн, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжиж, тэгш бус байдлыг арилгах тогтвортой, цогц шийдлүүд шаардлагатай.

 

ХЭН ОРОЛЦОХ ВЭ

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

 

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.

Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.

Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Эссе нь сэдэв, агуулгад нийцсэн байх

Асуудал хөндсөн байх

Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх

Үгийн тоо 500-aac хэтрэхгүй байх

Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх

Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

 

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Дараах шалгуураар дүгнэж нийт оноогоор байр эзлүүлнэ. Үүнд:

Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);

Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);

Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);

Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).

Эссег 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://forms.gle/Vj6FwNrgCQbbFHYw8 холбоосоор хүлээн авна.