FAO in Mongolia

Ханбогд суманд айлчилж ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ажилтай танилцлаа

12/12/2022

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон ТЭСО Инвестмэнт ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр нар “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд  хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн Ханбогд суманд ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ажлын үр дүнтэй танилцлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй бүрэлдэхүүн хэсгийн хувьд ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулан хөгжүүлж, төр хувийн хэвшлийн жишиг загварыг бий болгох замаар хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ. Түүнчлэн, төслөөс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ингэний сүү үйлдвэрлэгчдийн үндэсний хэмжээний анхны хоршоо болох "Галбын говийн баялаг эрдэнэ" нэртэй хоршоог амжилттай байгуулсан ба тус хоршоон дээр түшиглэн Монгол улсад анх удаа ингэний сүүний фермийн суурийг тавих чиглэлээр ажиллаж байна. Айлчлалын үеэр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт төслийн үйл ажиллагааны эерэг үр нөлөөг сайшааж орон нутгийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, сумын хөгжлийн бодлогын уялдааг танилцууллаа. 

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу Европын Холбооноос үзүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан Төсвийн дэмжлэгийн Техникийн туслалцааны бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү техникийн туслалцааны төслийн ерөнхий зорилго нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай  хүргэх; төсөв, санхүүгийн удирдлагын (ТСУ) тогтолцоог сайжруулах, институтийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Засгийн газрын түвшинд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай түншлэн ажилладаг.