FAO in Mongolia

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ (ХААЗД)-ЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

02/05/2023
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-ын хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл, Бүрэлдэхүүн-4: Эрх зүйн орчин” төсөл нь ургамал, ургамлын гаралтай түүхий эд, түүний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг.
 
2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ХААЗД-ыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталсан ба ХХААХҮЯ хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд тавих гэрчлэх тэмдгийг баталж, оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн билээ. Төслийн хүрээнд ХААЗД-ын баталгаажуулалтын тогтолцоо бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
 
Тариалангийн бүс нутгуудад ХААЗД-ын үндэсний тогтолцоог хэрэгжүүлэх нөхцөлийг бэхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны агрономуудад зориулсан ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд ХААЗД-ыг нэвтрүүлэх шаардлага, ач холбогдлыг ойлгуулах сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 2 болон 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгууллаа.