FAO in Mongolia

Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэлээ

16/10/2023

 

 

10-р сарын 16 бол Дэлхийн хүнсний өдөр. Энэхүү тэмдэглэлт өдрийн энэ жилийн уриа бол Ус бол Хүнс, Ус бол Амьдрал. Дэлхийн нийт гадаргын 71% ус хэдий ч түүний зөвхөн 2.5% нь л цэнгэг ус юм. Энэхүү цэнгэг усны үнэт нөөцийн 72% хөдөө аж ахуй буюу бидний идэж, хэрэглэж буй хоол хүнсний үйлдвэрлэлд зарцуулагдаж байна. Тухайлбал нэг зүсэм талхыг үйлдвэрлэхэд 42 литр ус зарцуулдаг бол 1 лааз шар айргийг үйлдвэрлэхэд 202 литр ус зарцуулагддаг байна. Энэ мэтчилэн хүн бүр өдөрт 2000-5000 литр ус ашиглаж үйлдвэрлэсэн хүнсийг хэрэглэдэг билээ.

Бидний юу идэж хэрэглэж, тухайн хоол хүнсийг хэрхэн үйлдвэрлэж байгаа нь усны нөөцөд шууд нөлөө үзүүлдэг тул энэ талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Байгалийн түүхийн музейд Ус бол Хүнс сэдэвт үзэсгэлэн 10-р сарын 16-20-ны хооронд тавигдаж байна.

Энэ жилийн Дэлхийн хүнсний өдөр нэн онцгой юм. Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэн ба энэ жил 50 жилийн хамтын ажиллагааны ой тохиож байна. Өнгөрсөн хагас зуун жилд НҮБ-ын ХХААБ Монгол улсын засгийн газартай хамтран монголчуудын аж амьдралд үр өгөөжөө өгсөн 200 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

50 жилийн хамтын ажиллагааны ойг тохиолдуулан хийж бүтээсэн ажил, амжилтыг тусгасан зурган ном нээлтээ хийсэн бөгөөд уг номын өмнөх үгийг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чү Донг Ү нар хэлсэн юм. Түүнчлэн Монгол Шуудан ХК-тай хамтран ойн марк бүтээж, маркийн анхны өдрийн нээлтийг Дэлхийн хүнсний өдрөөр хийлээ.

Дэлхийн хүнсний өдөр нь НҮБ-ын ХХААБ-ын байгуулагдсан өдөр бөгөөд энэ өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм.

Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээл, илүү сайхан хүрээлэн буй орчин, илүү сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө НҮБ-ын ХХААБ цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, тууштай хүчин зүтгэхээ дахин илэрхийлж байна.